Friday, March 7

ТАНЫХ болсноороо сэтгэл хангалуун байдаг шүү, Ээжээ!

Сайн байна уу?
Хонгорхон ээж таныгаа зүрх сэтгэлдээ дүрслэн бодсоор хүү чинь ээж гэдэг түшигтэй хүнээс хол байгаа энэ л үед миний төлөө санаа тавьж байсныг тань үгүйлж, надад хичнээн хайртайг нь өдөр ирэх тусам мэдрэх юм.
-
Миний төсөөлөөгүй амьдралын тухай хожим би мэдэхдээ хэдийгээр төрсөн эхээсээ хол хөндий өргөгдөж өссөн ч төрүүлхээс бусдыг төрсөн юм шиг сэтгэлд минь мөнхөлж намайг юугаар ч дутаагаагүй ачийг тань бодохоор би таниас гараагүй гэж хэлж зүрхлэхгүй байна.

Энэ тухай ямарч хүнээс сонсох хүсэлгүй байдаг тухайгаа тандаа яримаар бодогддог боловч, тэр сэтгэлээ хэрхэн илэрхийлж тандаа ойлгуулах учраа олохгүй өдий болсон юм шүү. Би өнөөдөр хоёр ээжийн нэг хүү. Над шиг хоёр эхтэй хүмүүс байдаг ч, тэр бүхэн нь сэтгэл хангалуун болгоныг мэдэхгүй юм. Өргөгдсөн хүүхдүүд сайн муу яваа өчнөөн юм сонссон ч миний хувьд, Таных болсноороо сэтгэл хангалуун байдаш шүү Ээжээ!

Намайг болон эгчийг минь үрчлэн авахдаа биднийг өөрийн болгох сэтгэл гаргаж, хүн болгох гэж яаж зовж, баярлаж байсан, бид хоёрын зан араншин яаж ээжийгээ баярлуулж, бидэнтэйгээ хамт байхдаа сэтгэл тань хичнээн хангалуун байдаг талаар дэлгэрэнгүй хөтлөдөг тэмдэглэлийг чинь үзээд би танчгаа биширч байсан шүү. Төрсөн ээж минь арван сар тээж нагир уургаар нь амлаж гучхан хоног хөхсөн, өдий олон жил намайг өсгөх гэж нойроо хагаслан, сэтгэлээ зориулж, хайрлаж байсан ачийг тань хариулахсан гэж үргэлж бодож явдаг шүү. Таныхаа ачийг хүү чинь онц сурч, мэргэжил эзэмшин баярлуулах болноо ээжээ. Нэгэнт л би өргөгдсөн эхдээ хайрлагдахаар таны хүү болох хувь заяа минь өөрчлгөдсөнөөс хойш таныг л гэж явдаг шүү. Хүн хүний сэтгэлийг ойлгоно, хайрлана гэдгийг би бие сэтгэлээрээ мэдэрч мэдэрч өссөн. Эх хүний ач ямар байдагыг өсөж өндийж дэгэж дэрвэж явахдаа мэддэггүй юм байна гэж би ойлгодог. Би танд өдөр тутамд хэлж ярьдаггүй ч сэтгэлдээ тандаа хэнээс ч илүү хайртай шүү гэдгээ хэлэх учираа олохгүй байсан. Харин өнөөдөр энэ захидалдаа сэтгэлийнхээ үгийг хэлж байгаадаа сэтгэлээс минь том хар чулуу авч хаях шиг боллоо. Би таныгаа гомдооё гэж боддоггүй шүү. Тэр ч битгий хэл өргөмөл гэдэгээ хэлэх бусдаас сонсох дургүй байдаг.

Хүний орчлонд эрээн бараан ч бага залуу насандаа хүний үрээр, үр хийж хүний зовлонг өөртөө татан нэг биш хоёр хүүхэд үрчлэн авч, хайр халамжаар дутаагаагүй гээд л бодохоор амьдрал гэж тэмүүлэл байдагыг уярсаар, ойлгох тутам таныг хайрлаж өрөвдөж, өөрт заяагаагүй ч өрөөлөөс авч өсгөн, дутуугаа гүйцээн биднийг өсгөсөн ач тань буян шүү. Энэ бүхэн таныг ямар сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлах, энэрэнгүй болох зан чанарыг надад бас өөр олон хүмүүсд мэдрүүлсэн. Та бол миний нар орчлонд ховорхон Ээжшүү, Танаараа хүү охин хоёр тань үргэлж бахархаж явна аа. Ээжээ


Баянхонгор аймгийн 2-р 10 н жилийн дунд сургуулийн 6д ангийн сурагч Балчингийн Өсөннэмэх.
-
...Одоогоос 9 н жилийн өмнөх тэр хавар сонингийн булан дээрээс Олон улсын Эмэгтэйчүүдийн Баярыг тохиолдуулан зарласан "Ээждээ захидал бичээрэй" улсын уралдааны тухай олж уншаад дээрх захиаг Ээждээ бичиж 3-р байранд шалгарч байлаа. Бүтэн сарын хугацаатай энэ уралдаанд "захиагаа" их л удаан бичиж билээ нэг л үг эвлэж үзэг цаас нийлж өгөхгүй сэтгэлийнхээ үгээ хэрхэн гаргахаа мэдэхгүй орой бүр лааны гэрэлд сууж хэсэгхэн цаасан дээр бичээд нэг л санаанд нийлэхгүй болонгуут дахиад л шинээр бичээд ингэж тэгэж нэг юм уралдааны хугацаа дуусахаас долоо хоногийн өмнө хичээлийнхээ дундуур гарч гүйгээд аймгийнхаа шууданд хийгээд явуулж байсансан. Сайхан дурсамж шүү. Тэгсэн яг мартын найманд билүү маргааш нь билүү ээж минь ажилаасаа ирэх оройноо нөгөө миний захиаг барьчихсан бас тортой юм тэвэрцэн гэрт орж ирхэд нь ихэд гайхаад захиа минь яваагүй юм байхдаа гээд уйлах дөхөж билээ. Тэгсэн чинь хотруу очиж шалгараад 3-р байранд орсон ээж нь хүүдээ хайртай шүү гээд намайг тэврээд уйлж байсан тэр үе нүдэнд минь тодоос тод харагддаг юм. Тэгээд шагналд нь надад тэр тортой бэлэгийг өгсөн юмсанж дотор нь зөндөө их чихэр бас дэвтэр, бал, ном өргөмжлөл бас шалгарсан гээд "Монголжингоо" сонинд (одоо энэ сонин байдаг эсэхийг мэдэхгүй) захиаг чинь нийтэлсэн гээд тэр сонинг нь бас цугт нь явуулсан байсан. Тэр цаг үеээс хойш би ээждээ сэтгэлдээ байдаг хамгийн нандин бүхнээ санаа зоволтгүй хэлж ээж минь тэр болгоны сайн мууг надад хэлж ялгаж салгаад үргэлж зөвлөж бид биесээ урьдийнхаас илүүгээр гайхалтай ойлгодог болсон одоо ч тийм хэвээрээ. Ээжээ хүү нь тандаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын мэнд хүргэе! ...хэдий хүү нь хол байгаач сэтгэл минь үргэлж таныхаа дэргэд, зовлон, жаргал бүхэнд тань хамт байнааа... тун удахгүй тандаа гүйгээд очноо хүү нь!

Monday, March 3

Энэ жижигхэн өрөөг түрээслээд 7 сар өнгөрчээ. Ганц хүнд бол элдэв юмгүй, эрээн чимэглэлгүй давгүй өрөө хамгийн гол авууштай юм нь сургууль, номын сантай ойрхон бас хүнсний зах сүпэрмаркет нтр нь ч хол биш. Тийм болхоор ийш тйишээ явж хоол унд авах, сургууль соёлдоо очиход унааны мөнгө гэж зарж цаг нараа алдаж мөнгө төгрөгөө үрэхгүй тэгээд ч мото гэж онцын шаардлага байхгүй л бол унаж яваад байх эд биш гэдэгийг мэдэрсэн. Дэмий сэлгүүцэж цагийг үр ашиггүй өнгөрөөж, дээр нь залуу мань хэд нь зүгээр явна гэж байх биш орой үдэш болхоор хориотой уралдаанд хүчээ үзэж хааяа үхэл амьдрал хоёрын дундуур явах үе ч гарна..., Энд сурдаг монгол оюутануудад ажил хийх шаардлага байдаггүй, хичээлээ хийгээд, сарынхаа стипэнд-г аваад хоол ундандаа зарцуулаад явхад зовох юмгүй амьдрана. Үнэхээр сайн, өндөр цалинтай ажил хийе гэвэл хэлний мэдлэг ихээхэн шаардана дан ганц Англи, Вьетнам хэлтэй байх бус түүнээс илүүгээр гурав, дөрвөн хэл мэддэг байхад оюутан бидэнд чамлахааргүй цалинтай ажил олддог. Гэхдээ энэ сайн үр дагавар биш хэдий их цаг ажиллана төдий чинээ цалин авав ч хичээл гэдэг зүйл мартагдаж эхлэнэ. Илүү дутуугүй, хоёр идэж хоосон хонолгүй болоод байхад, ажил хийх шаардлага чухамдаа байдаггүй, болгоно бүтээнэ гээд яваад байвал болох л байх. Хэрэв миний хэл ус сайн байсан бол энд ингээд бичээд суухгүй, тэнд очоод бөхөлзөж яваа! Хүний нутаг гэж хүний л нутаг юмдаа! Өнөөдөр манай байрны эзэн надаас байрныхаа төлбөрөө хэзээ гүйцээх вэ? гэнэ тэхээр нь 2 долоо хоногийн дараа өгье гэсэнд сүрхий хилэгнээд би чамд дахиж байр түрээслэхгүй, чи өөр байр олоорой гээд л уурандаа урдах хойдохоо өшигчөөд бөөн юм болов. Тэгэхээр нь яагаад уурлаад байгааг нь гайхаад миний байрны хугацаа 4.1 нд дуусна тэр хүртэл сарын зай байна та санаа зовох хэрэггүй гэлээ. Тэгвэл чи 4.2 нд 3 н сараар нь тооцоогоо хийгээрэй! чадахгүй бол өөр байр хай! Яагаад? Би сар сард нь хийгээд болоод л байгаа шүүдээ! гэсэнд Чи дандаа өгөх хугацаанаас хоцорч өгдөг, үүнээс хойш хугацаанд нь тэгээд 3 н сараар нь хий! Үгүй бол боль... гэж учиргүй уурлаж! хийж байсан ажилаа орхиод, хэлэх үг нь дууссан болтой өрөөрүүгээ яваад орчлоо. Сайхан эрч хүчтэй байсан сэтгэл хоромхон зуур унтраад уурлах учирлахын дээр өөрийгөө тайтгаруулах ухаанаа олохгүй хий дэмий л цай ууж хэдэн загасаа ширтлээ. Хэрэг дээрээ энэ зан нь надад сонин санагдсангүй, байгаа байдал оюун санаагаа бүгдэнг нь мөнгөнд мэдүүлчихсэн хүн гэдэгийг одоо л илүү сайн ойлгож байна. Ер нь мөнгө харахаараа инээд алдаад л нэг л сайхан хүн! -ямар нэг дутуу болж бүтэхгүй юм байвал хэлээрэй, алив ийшээ суу идэж уу гээд л бөөн юм болно. Энэ байдал нь хоёр, гурван өдөр үргэлжлээд сүүлдээ дуу шуу нь цөөрөөд дугарч ядаад л эхлэнэ тээд долоо хоногийн дараагаар нь бүр сонин болчихно. Чи хөгжимөө чанга сонсож байна, хаалгаа чанга хаагаад байна, орой үдэш яасан их гарч ордог юм бэ, усаа их хэрэглэж байна, их чимээ гаргаад..., нтр гээд л жаахан жаахан асуудал асар их болно шүүдээ! яг үнэн чанартаа энэ асуудал биш зүгээр л бусдад уурласан уураа надад гаргаж байгаа ч юм шиг, бухимдах шалтагаа олж ядаад байгааг угаасаа мэдэрдэг байлаа. Миний өрөөний өөдөөс хардаг япон охин бас доор байдаг хятад гээд бүгдэнд нь л ижил хандаад байх шиг! Харин хятад охины өөдөөс харсан өрөөнд гурван вьетнам байдаг санагдана тэр гуравт юу ч хэлдэггүй юм шиг байгаам, угтаан бол өнөөх жижиг шалтгаан шалтагын эзэд тэр гурав шүүдээ!

Saturday, March 1

Одоо болно!

Нөхөд минь дээ юунд ингэж жалга довоор нь ялгаж салгаж хэрээсээ хэтэрч хэмжээгүй туйлширнам бэ!? Энэ цөөхөн хэдэн хүмүүн бид чинь өргөн уудам газар нутагтаа өөрийн санасанаар, бусдын зоргоор, сайнтай муутай л аж төрцгөөж байна. Ганцхан насны чинь амьдралд, ганц л заяасан, энэ оронд харамсах сэтгэл өчүүхэн ч байдаггүй байх. Үгээр үг хийж өөрөөрөө зугаа болгож яанам бэ? ...Би энд хотынх нь тийм, хөдөөных нь ийм гэж бичихгүй! тэртээ тэргүй энд, тэндгүй эрээн цоохо,р биччихсэн байналээ. Олж уншсан нэг нь олонг бодож, оройтоогүй дээр нь өнөө хэрэггүй хэдэн ялгаагаа хэдэнтээ бичээд амжсан даа! Монгол хэдэн хүнтэй вэ? гэж асуувал хичнээн Хүн нь түрүүлж тоог нь хэлэх бол, тэгээд даврангуутаа хэдэн хөдөөний хэдэн хотын хүн байдаг вэ? сүүлдээ бүр хотынх нь хөөрхөн, ажилтай, амьдралтай, цагаан царайтай, цэмцгэр..., нтр! нөгөө талаас нь хөдөөнийхөн хэнэггүй, хээгүй, халтар, хөнгөн, цайлган сэтгэлтэй залхуу..., нтр! арай л тэнэг, ухаантайгаар нь ялгачихгүй юмдаа! Манайхан ер нь асар туйлшрамтгай нөхөдүүд! тэнд хэн сайн явна түүнийгээ гоочлоно муулна, хэн тааруухан байна тэрийгээ шүүмжлэнэ, нүд үзүүрлэнэ. Өөрөө сайн яваад өөдөө гараад ирэхээрээ бусдын адил байгаамгүй юм шиг хамар, амаа сөхөөд хачин аймар болчихно. Өнгөрсөндөө харамсаж, өдөр хоногыг хүлээж, хий дэмий амьд үхлийн хооронд хамаг итгэлээ алдчихаад, өрөөлд асуудал болж өөрийгөө хорлоод хэн хүнээ байчихна. Алсалж холдоод Америк ч юмуу Ази, Европын аль нэг хөгжилтэй оронд очихоороо гэнэт ухаардаг юмуу яадаг юм асар санаа тавьдаг хүмүүс гараад ирнэ. Бусдын орны сайхныг нь шагшаад л буурай Монголынхоо муугаар нь амны зугаа хийж, аягүй халаглаж нтр...,! Үнэн хэрэгтээ хичнээн сайныг өгүүлж, хэмжээгүй муулж хашгирсан ч өөрөө хүрч ирэхээрээ өнөө үг нь алга болж үтэр түргэн буцахын хүслэн болно. Яахавдээ Та Бид Монголдоо байна уу, Гадаадад байна уу цаашлаад хөдөө нь байна уу, хот нь байна уу хамаагүй хаана ч муулаад, магтаад болдог юм байж! тэглээ гээд одоо байгаагаас илүүдээд "Од" болчихгүй нь лавтай... ! Хэн хөдлөнө, Хэн санаачлана, Хэн хийнэ..., түүний ажил, тэрний амьдрал л дээшилдэг, дэвшдэг! Бусдад хэрэггүй нь мэдсээр байжийж энд инээж тэнд уйлаад, элэглэж дооглоод яах юм бэ? хэн ч сайныг нь бичээд саарыг нь ялгаад байхтайгаа, аягүй бол хэн нэгэн нь энэ ямар сүртэй нөхөр вэ? гэж бодож магадгүй! Үгүй юм бол үнэн дандаа ил байдаг, муу юм дандаа далд байдаг шүүдээ, өөрийгөө мэдэж байж бусдад хүрэх нь чухал дараа нь бусдыг мэдэрч байж жинхэнэ утгаараа эргээд өөрийгөө олдог байх! Тийм цагт харин нэг хүний зөв бодол санаа, олонд хүрч олон хүний сэтгэлээр нэг том "амжилт"-д хүрэх нь гол! Тэр бол бүгдэнгийнх нь амжилт, ололт байх ёстой! түүнийг хэнч өмчилдөггүй. Ингээд зөв үйлээр, зөв замаар хэсэг бүлгээрээ урагшаа алхана, энд тэндээс эвсэж нэгдэнэ энэ бүхнийхээ дараа Эх орондоо "Хөгжил" авчирдаг. Элдэв судалгаа, тоо баримт, цэцэрхэж цэгнэсэн хэн нэгэн "Эрдэмтэн" би биш! Энгийн жирийн хүний нүдээр "хөгжил" гэдэг ийм л товчлолтой! Учирыг асуух хэрэггүй, Та сайн ойлгож байгаа! Одоо харин тэр хот хөдөөгөө жаахан хойш нь тавиад, онцлох асуудал болох "өөрийгөө" л анхаар! Бид чинь уул шугамандаа бол ховорхон гентэй хосгүй чадалтай "хүмүүс" шүүдээ! Ийм хэдэн цөөхүүлээ байж "Эв нэгдэл"-ээ эрхэмлэлгүй!!! энд тэнд төрж, өссөнөө уралдаж бичилцээд, учирлаж суугаад яанам бэ?! Монголчууд минь! Бид "Эвтэй байхдаа Хүчтэй" энэ үнэн "Үг" шүү!