Хайрт ах Д.Түвшинжаргалынхаа гэгээн дурсгалд зориулав.
“Амьдралд тохиолдож болох хамгийн том харамсал бол өвчин юм байна. Нүдний минь өмнө бүхнээс илүүгээр шаналж суугаа ижийгээ би эрүүл саруул байхдаа ганцхан удаа ч болов баярлуулчихгүй яавдаа”
Сайн байна уу? Ээжээ? Хүүгийнх нь чин сэтгэлийн үгс өртөөлөн хүрч байгаа энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэж байна. Хайртай хүү нь холоос бүүр холын холоос тандаа захидал бичиж сууна. Та минь сайн биздээ, хөл нь өвдөөд, сэтгэл нь гансраад, гунигтай харагдаад байх юмдаа миний ээж. Хань, охин хоёрт минь миний мэндийг дамжуулж, хөөрхөн нүдэн дээр нь халуун дотноор үнсээрэй. Том болсон харагдналээ миний охин. Тоодгор хувцас нь жигтэйхэн зохиж хааяа тоотойхон нэг санаа алдаад торомгор борхон нүдэндээ нулимс мэлтэгнүүлээд аавыгаа үгүйлж л суугаа байхдаа. Эргэх хорвоод хүн гэдэг хайраар дутахын зовлон байдаггүйтэй адил эх, үр хоёр минь биендээ ойрхон байгаарай.
Би таныгаа яасан ч их зовоовдоо. жаргалтай инээмсэглэл, хөгжилтэй дүр зураг, хөнгөн шингэн алхаа тань надад харагдахгүй л байх юм. Олон өдөр сэтгэлийг чинь шаналгаж, олон шөнө нойрыг чинь хулжааж, хамгийн сүүлд нь ганцааранг тань үлдээгээд явчихсандаа би хамгийн муу хүү. Ингэхэд хүү нь энд өвдөхгүй, шаналахгүй бас уйтгарлах завгүй байгаа. Миний энд байдаг газар өвчин зовлон гэж өчүүхэн ч байдаггүй амар амгалан амьдарч орчин тойрон, урсан өнгөрөх цаг хугацаа бүхэнд мөнхийн зунаараа цэцэглэж байдаг тийм л газар амьдарч байна. Энд бас тань шиг минь олон сайхан ээжүүд бий. Тэднийг харахаар таныгаа зөндөө их санах юм. Миний ээжээ? Хорвоод хүн ээжээр дутахгүй, ээжүүд үр хүүхдээрээ дутахгүй байвал тэр нь юу юунаас ч илүү гайхамшигт үнэт баялаг байдаг юм байна. Өнгөрсөн бүхэнд боддог байсан олон олон бодлууд дунд би таныг баярлуулахаас илүүгээр өөрийн хүслийг л нэн тэргүүнд тавьдаг байж. Нэхэл хатуутай хүний амьдралд хүмүүс бид ганцхан зүйл л агуу байдгийг алдсан алдаа бүхнээ холоо одсон хойноо л ухаарах юм. Ээжээ та миний мөрөөдлийг мэднэ дээ? Хүү нь чадалтай мундаг том бизнесмэн болох байсан гэдгийг. Аз жаргал гэдэг сэтгэлийн илэрхийлэл байдаг юм болохоор өнгөрсөн амьдралд таныхаа сайн сайханд би амар амгалан байжээ. Надад дутсан зүйл нэгээхэн ч үгүй. Би баян айлын эрх хүү шиг ах, эгч, дүүгээсээ илүү их эрх дархтай байсансан. Үнэтэй амттай бүхэн надаар дүүрч, үглэж загнасан үгс намайг тойрдог байж. Одоо хүү нь холын хол байгаа ч гэлээ хонгорхон ээж таныхаа зүрх сэтгэлд дэргэд тань байгаа юм шиг төсөөлөгдөөсэй хэмээн хүсэж байна. Таныхаа сэтгэлд гуниг үлдээх гэж энэ захиаг бичээгүй юм шүү. Санасан сэтгэлийг чинь дэвтээх гэж санаа бодлыг тань тайтгаруулах гэсэндээ зүлэг ногоон номин тал дээр зүйрлэшгүй ариун эхийн сүүгээр энэрэл хайраа шингээн бичиж байна. Хорвоод хамгийн нандин бас хамгийн дайчин хэзээ жаргадаггүй мөнхийн нар бол ээж минь та. Ингэхэд манай эндхийн нар жаргадаггүй юмаа. Тийм болохоор хар сүүдэр, аймшигт өвчин гэдэг юм байдаггүй юм. Тийм болохоор миний ээж мөнхөд манддаг нар шиг халуун дулаан байж эрч хүч цог золбоогоор дүүрэн гялалзаж яваарай.
Гарыг минь атгаад та зүрхэндээ уйлж, барагдашгүй ихээр шаналж суухдаа нүүрэндээ бол юу ч болоогүй мэт инээмсэглэл, эрч хүчийг гэрэлтүүлж миний хүү зүгээрээ хоёулаа удахгүй эдгээд гэртээ, аав ах эгч дээрээ инээмсэглээд очно гээд хэлж суусансан. Би мартаагүйээ ээжээ? Хүү нь юуг ч мартаагүй, Миний мартаагүй хүсэл, гайхалтай мөрөөдлийг бүхнийг та мэдэж байгаа. Охиныг минь томоо болхоор миний Мөрөөдөл зорилго амжилт бүхнийг дахин дахин хэлж байгаарай. Сайхан бүхнийг минь шивнэж өөрийнх нь мөрөөдөл бас ямар хүн болохыг ньасууж байгаарай. Хүн эд хөрөнгө эрх мэдэл амжилт бүтээлээр дутаж болно харин энэрэл хайр эх үрээр л дутаж болохгүй. Их мөнгө эрх мэдлээ алдаад энэ бүхнийхээ хариуд ганцаардал, шаналал гуниг гутралыг өөртөө өгч байгаа бол би тэр хүнийг хамгийн “тэнэг” хүн гэж хэлнэ. Та минь хүүгийнхээ юу хүсэж юу төлөвлөж байгааг зөн совингоороо их хурдан мэдэрдэгсэн. Би танаасаа юугаа ч нууж байсангүй. Хүү нь зөндөө их мөнгөтэй баян болохоороо хамгийн эхлээд спорт цогцолбор байгуулна гэж танд хэлдэг байсандаа. Хүүгийнх нь хамгийн дуртай, бүх л цаг заваа гаргаж, хичээл номоо мартаад хичээллэн тоглодог байсан спорт бол сагсан бөмбөг байсан. Танд баярлалаа. Ээжээ! Миний нэрэмжит “Баянхонгор аймгийн залуучуудын сагсан бөмбөгийн аврага” шалгаруулах тэмцээн 4-н өдөр үргэлжилж дууссан гэсэн. Намайг нэхэн шагнаж Монголын “Сагсан бөмбөгийн спортын мастер”цол олгосон байсан. Ээж миньдээ надад таны хайр энэрэл энхрийллээс илүү гавъяа шагнал үгүй. Хүүгийнхээ төлөө хийж чадах бүх зүйлээ та хийсэн шүүдээ.
Ээжээ? Та энэ жил 03.08 нд охиныг минь дагуулаад Ээжүүдийн баярын тоглолт заавал үзээрэй. Хүү нь тэртээ холоос ч гэсэн Ижий таныхаа дүр зурагыг харж бараа сурагыг чинь сонсоод амар амгалан сууж байнаа. Нээрээ Би өвдөөд хэвтэж байхдаа боломж олддог бол олон хүнд чангаас чанга дуугаар “Амьдралд тохиолдож болох хамгийн том харамсал бол өвчин юм байна. Нүдний минь өмнө бүхнээс илүүгээр шаналж суугаа ижийгээ би эрүүл саруул байхдаа ганцхан удаа ч болов баярлуулчихгүй яавдаа” гэж хэлэх юмсан гэж маш их бодсондоо. Хүү нь тандаа хайртай. Зүрх сэтгэлээс урсан гарах нандин мөрүүдээ ингээд дуусгаядаа Биеэрээ хэлж амжаагүй ч сэтгэлээрээ хүү нь салхиар дамжуулаад шивнэж сууна. Буцах хаягаа та бурханы оронд байгаа хайрт хүү Д.Түвшинжаргалдаа гэж бичээд өөртөө хадгалаарай. Монголын минь сор болсон сайхан ээжүүдийн баяраар хүүгийнхээ танд өгөх өчүүхэн захиаг хүлээж авсанд талархлаа.
Тиймээ ах маань харь хол хүний газарт хорт хавдраар өвчлөн шаналж хэвтэхдээ надад эхдээ хүргэх чин сэтгэлийн захидал бичих талаар захиас болгон үлдээж байлаа.
Зуны тэр халуун өдөр Хятадын Бээжин хотын хорт хавдарын эмнэлэгт эмчлүүлэхээр очоод ээжээсээ нууж надад ярьсан юм. Тэр үед надад хэлэхдээ ахыгаа өргөж тэргэн дээр суулгаад гадагш аваад гараатаач хоёулаа жаахан юм ярье гээд гадагш гарсаны дараа эмнэлгийн үүдэнд цэцэг зарж байгаа хүнээс гурван ширхэг сарнай аваад: -Ах нь хаашдаа ямарч эмчилгээгүй болжээ. Залуу нас даанч хайран юмдаа. Гэвч яалтай билээ... Намайг орлох охин минь байгаа... Хайртай хань, хэнээс ч илүү шаналж байгаа ээжид минь сэтгэлийн дэм өгч миний оронд намайг орлож сайхан бүхнийг минь хайрлалгүй хэлж байгаарай. Маргааш нутаг буцая. Эх орондоо очъё... Чи ахаасаа юу ч битгий нуу ах нь чамайг мэдэрч байна ээжид минь надаас далд эвтэйхэн хэлээрэй ах нь нутагтаа л очимоор байна гээд шийдэмгий хэлж санаа алдан, ээжийнхээ дэргэд өвдөхгүй байгаа дүр гарган зориг тэвчээр зааж байсан нь нүдэнд харагдаад одоо хүртэл сэтгэлээс гарахгүй л явна. Өрөөндөө эргэж ороод худалдаж авсан гурван цэцэгнийхээ нэгийг ээждээ барин “хүү нь танд хайртай” гээд цовоо дуугаар хэлж билээ. Үлдсэн хоёр сарнайгаа охиндоо бас Хайртдаа өгнөө хэмээн итгэл дүүрэн хэлэн цэцгийн саванд хийгээд толгой гудайн санаа алдан нулим цийлэгнүүлэн суусансан.
Энэ захиагаар ээжүүдийн баярын билэгт сайн өдөр өмөрч унасан сэтгэлийг нь шаналгая гэж бодсонгүй. Намайг бурхан болох юм бол ээжид минь ахынхаа үгийг захидал болгоод бичээрэй гээд гарийг минь атгаад турж, эцэж, ядарсан царайгаар нүдрүү минь эгцлэн инээж байсан тэр хүслийг нь биелүүлэхийг хичээлээ. Тухайн үед би ээжид нь энэ бүхнийг дамжуулж чадаагүй юм. Их удаан сэтгэлдээ хадгалж явлаа. Энэхүү захидлыг бичиж сэтгэлийнх нь үгийг дамжуулах боломж олгосон МҮОНТ-ийн “Гэрэлтэй Цонх” хөтөлбөрийн хамт олонд баярласанаа илэрхийлье.
Хүүгийнх нь дамжуулаарай гэсэн энэ үг ээжийнх нь санасан тэр сэтгэл нь тайвширч миний хүү өвчнийхөө эсрэгэ надтай хамт эцсээ хүртэл тэмцэж өөрөө өөртөө сэтгэлийн дэм өгч байждээ бурхан минь гэж залбирч суугдээ хөөрхий.
Монгол Улс, Улаанбаатар хот 2010.03.02
2 comments:
уншаад нүдэнд нулимас цийлэгнэхгүй байхын арга байсангүй, тун харамсалтай юм болж ээ. эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу! ахынхаа захиасыг биелүүлсэнд бахархаж байна. танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Хайран гэхэд ч багадах юм л даа. Юу ч гэлтэй билээ дээ. Уйллаа зөндөө. Гэхдээ бас бодсоноо хэлсэн нь сайн хэрэг шүү. Зоригтой юм аа чи харин. Цаг хугацааг бас хэсэгтээ хүлээсэн нь ч болж дээ. Их сайхан бичигдсэн байна ш дээ. Ах чинь тэнгэрээс баярласан л байж таараа. Би бас нээрээ нэг удаа дүүтэйгээ уулзаж болох юм биш биз дээ гэж бодож билээ. Гэнэт л нэг өдөр тэгж санагдсан юм.
Ээжид тань, өөрт чинь ч сайн сайхныг хүсье!
Post a Comment